Түүхэн замнал

Улс ардын аж ахуй өсөн нэмэгдэхийн хирээр мод модон материалын хэрэгцээг хангах, гадаадад экспортлох зорилгоор Хантайн нурууны ойн санд түшиглэн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1972 оны 52-р тогтоолоор Булган аймгийн Хангал сумын Цулхарын артелийн суурин дээр Сэлэнгийн Мод бэлтгэлийн аж ахуйг байгуулсан бөгөөд тэр үеийн ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар 1975 онд өргөтгөсөн байна. Тун удалгүй БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1975 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 74-р зарлигаар Сэлэнгийн МБАА-г Эрдэнэт хотын Хялганат МБАА болгон Хялганат хороог шинээр байгуулах шийдвэрийг гаргасан төдийгүй БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1975 оны 12-р сарын 11-ний өдрийн 266-р тогтоолоор Эрдэнэт хотод “Хялганат” хороог харьяалуулан байгуулсан түүхтэй. Хялганат хороонд Хялганатын МБАА, Ойн техникум, 10 жилийн дунд сургууль, Худалдаа бэлтгэлийн анги, НААҮ-ийн салбар, Шатахуун түгээх станц, Цахилгаан түгээх ба дамжуулах станц, Харилцаа холбооны салбар, Гал унтраах 50-р анги, Хүн эмнэлгийн салбар, Цэцэрлэг-ясли, Цагдан сэргийлэх групп, Номын худалдаа үйлчилгээ, Ажилчны клуб зэрэг 20 гаруй салбар байгууллагууд ажиллаж, 940 өрхтэй, 4000 гаруй хүн амтай, 10 гаруй мянган толгой малтай Эрдэнэт хотын Хялганат хороо хэмээн нэрлэгдэж байлаа.

Монгол Улсын Их Хурлын 1994 оны 32-р тогтоолоор Эрдэнэт хотыг “Орхон-Уул” аймаг болгож Хялганат хороог Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг буюу Хялганат тосгон хэмээн өөрчилсөн.

Хялганат тосгон өнөөдөр 914 өрхийн 3216 хүн амтай, 21654 толгой малтай, төрийн болон төрийн бус 20 гаруй салбар, нэгжтэйгээр хөгжин дэвжиж байна.

Төлөвлөгөөт эдийн засгийн нийгмийн үед үлгэрийн гэмээр тосгон шүү гэж яригдаж, нэрлэгдэж байв аа. Зах зээлийн нийгмийн шинэчлэлтийн үед уруудаж, доройтож уналтын байдалд орсон хэдий ч 2013 оноос өөрчлөгдөж, шинэчлэгдэж, сайжирч, дахин хөгжих эхлэл тавигдан үргэлжилсээр “Хотожсон тосгон” ба “Хөгжлийн төв” Хялганат болохооор алсын хараагаа тодорхойлж нийтээрээ ажиллаж, зорилгоо биелүүлэхийн төлөө тэмүүлцгээж явна.

 

© 2025 он. Хялганат тосгон. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency