ХЯЛГАНАТ ТОСГОНЫ ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2024-03-18

Хялганат тосгоны цагдаагийн тасаг анх НАХЯ-ны сайдын 1976 оны 1-р сарын 28-ны өдрийн 57 тоот тушаалаар Эрдэнэт хотын Хялганат хороонд хэсгийн төлөөлөгч ахмад М.Баасандэлгэрийг томилон ажилуулсанаар Хялганат тосгоны цагдаагийн байгууллагын түүх эхэлсэн билээ. 1977 онд БНМАУ-ын СНЗ-ын 242-р тогтоолоор Эрдэнэт хотын Хялганат хорооны АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дэргэд ‘’Цагдан сэргийлэх групп’’ нэртэйгээр байгуулагдсан.

Цагдан сэргийлэх грүппийн анхны даргаар ахмад Д.Батжаргал, эрүүгийн төлөөлөгчөөр ахлах дэслэгч М.Баасандэлгэр, мөрдөн байцаагч, ахмад Д.Батсүх, авто техникийн байцаагч, ахмад Ш.Наранбямба, жолооч ахлагч С.Цэрэнбаатар, сэргийлэгчээр Д.Жамбал, Ц.Билэгдэмбэрэл, Я.Сэрдамба, С.Манлай нар томилогдон ажиллаж байсан.

Тухайн үед Хялганат тосгонд жилдээ 1600 метр куб тууш тээврийн мод бэлтгэж тээвэрлэн зүсмэл үйлдвэрлэж гадаад дотоодод нийлүүлдэг 150 машин механизм бүхий авто баазтай улсын хэмжээний хамгийн том мод бэлтгэлийн аж ахуй байгуулагдаж түүнийг дагалдан Ойн техниккум, Нэгдсэн эмнэлэг, 10 жилийн сургууль, цэцэрлэг, ясли, уурын зуух, бохир цэвэр усны байгууламж болох дэд станц, шатахуун түгээх станц, худалдаа бэлтгэлийн анги зэрэг үйлчилгээний томоохон нэгжүүдтэй бий болсон ба оршин суугчид 4000-д хүрч шилжин ирэх иргэд олширч, эх орны өнцөг булан бүрээс зохион байгуулалттай элсэлтээр болон сайн дураар ажиллах хүч нэмэгдэн, суурьших болсноор зарим иргэдийн дунд гэмт хэрэг, хэв журмын зөрчил өсөх хандлагатай болсноос орон нутгийн төрийн байгууллага, ард иргэдийн хүсэлтээр Цагдан сэргийлэх группыг байгуулсан байна. Энэ үед Эрдэнэт хотод цагдаагийн бүрэлдэхүүнд ажиллах ёстой эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаа эмч нар нь томилогдсон атлаа байргүй учир ажил нь эхлээгүй, Эрдэнэт хотын ЦС хэдэн вагончигт конторлож байсан тул эрүүлжүүлэх баривчлах байрны сэргийлэгч нарыг Хялганат хороонд татаж эрүүлжүүлэх, баривчлах байрыг ажилд оруулсан. Гэмт хэрэг, хэв журмын зөрчлийг тэр намарт нь багтааж, таслан зогсоож ажилласан нь нам, захиргаа, олон нийтийн байгууллага, ард иргэдийн талархлыг хүлээж ЦС группын бүхий л ажлыг олон талаар дэмжин хамтарч ажиллах эх үүсвэр тавигдсан юм.

Засаг захиргааны хуваариар 1994 онд Хялганат тосгон нь Булган аймгийн харьяанд шилжиж Булган аймгийн зүүн бүсэд хамаарах Сэлэнгэ, Хангал, Бугат сумдын нутаг дэвсгэрийг хариуцсан тус аймгийн ЦХ-ийн харьяа, цагдаагийн хэсэг болон өргөжиж, хэсгийн даргаар хочууч Д.Цогтбаатар томилогдон ажиллаж байсан.

Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-өдрийн 313 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт хийж Хангал суман дахь цагдаагийн тасгийг Цагдаагийн хэсэг болгон зохион байгуулсан ба 2015 онд дахин бүтцийн өөрчлөлт хийж Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 05-дугаар сарын 21-ны өдрийн 5/279 дугаар тушаалаар Хангал сум дахь Цагдаагийн хэсгийг өөрчилж Сум дундын Цагдаагийн тасаг болгож Цагдаагийн тасгийн даргаар Цагдаагийн ахмад О.Батцэнгэл томилогдон ажиллаж байна.

© 2025 он. Хялганат тосгон. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency